Валютын ханш :

2026 оны 4 сарын 21, 2, Мягмар гараг

"Төмөр замын салбарт шаардлагагүй зардлыг танаж, хэмнэлтийн горимд ажиллуулна"

Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр (2026.04.20) болов.  Хуралдаанаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, төмөр зам, автотээврийн салбарт дараах чиглэлүүдийг өгчээ. 

Үүнд:

  • Төмөр замын салбарт шаардлагагүй зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжин ажиллах
  • Түлшний хомсдол, үнийн өсөлтийг  тооцоолж түлшний нөөц бүрдүүлэлтэд анхаарах, чанарын шаардлага хангасан түлш худалдан авах
  • Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцогч ААН, байгууллагуудад одоо мөрдөж буй дүрэм, журмаас үүдэлтэй хэт их шаардлага, дарамт, хүндрэлүүдийг арилгаж, холбогдох дүрэм, журмын зохицуулалтыг хялбарчлах
  • Нефть импортлогч байгууллагуудтай  уялдаа холбоотой ажиллаж, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах чиглэл өгөв.

Мөн дотоодын жуулчин тээвэрлэлт гүйцэтгэж байгаа ААН, иргэнтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулах, мөн тээврийн хэрэгслийн урд болон ар талд  “Tourist (Жуулчин)” гэсэн бичээс бүхий таних тэмдэг байрлуулах шаардлагаас 24-өөс доош суудалтай тээврийн хэрэгслийг чөлөөлөх албан даалгаврыг хүргүүлсэн талаар танилцууллаа. 

Мөн цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахилгаан тээврийн хэрэгслүүдийг дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох ажлыг 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар боллоо.  

Замын-Үүд, Чойр чиглэлд даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслээс үүдэлтэй замын эвдрэл гэмтэл ихсэж байна. Үүнтэй  холбогдуулан жин хэмжих пүүг яаралтай байршуулж, хяналтыг чангатгах үүргийг "Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т өгөв. 

”Монголын төмөр зам” ТӨХК-д Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, Эмээлт орчимд зам холбох ажлыг шуурхай эхлүүлэхийг үүрэг болгов.

Мөн 300 тэрбум төгрөгийн МТЗ бонд амжилттай арилжаалагдаж, ААН, компаниудын өр төлбөрийг барагдуулж байгааг салбарын сайд онцлоод,  үлдсэн 40-60 км төмөр замыг ирэх намар ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгааг дахин санууллаа. 

"Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хүрээнд эдийн засгийн хүндрэлтэй цаг үед галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтад өөрчлөлт оруулж, зарим сул чөлөөтэй, зорчигч цөөн чиглэлийг нэгтгэж, зардлаа зөв төлөвлөж, транзит ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэл өглөө.  

Иргэний нисэхийн салбарт Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) аюулгүй ажиллагааны шалгалтад өндөр бэлтгэлтэй оролцохыг үүрэг болгож, салбарын яам, холбогдох албаныхан онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцлов. 

”МИАТ” ТӨХК-ид Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-тай "Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурж, агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэхээр болсон гэв.

Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа