Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улсын стратегийн чухал бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцжээ.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй тус төсөл нь БНЭУ-ын Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр босож буй юм. ГТБҮ байгуулах төслийн явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн түүхий тос дамжуулах хоолойн төслийн нийт гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байгаа аж.
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулах хуваарьтай байсан ч Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ажлыг эрчимжүүлж, 2027 оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний хямралын үед бид 95 хувь ОХУ-аас, БНХАУ-аас 5 хувийн хамааралтай буюу энэ салбар 100 хувь гаднаас хамааралтай байна.
Эндээс гарах гарц бол дотоодын нефтийн үйлдвэр. Үйлдвэр ашиглалтад орсноор манай улс шатахууны нийт хэрэглээнийхээ 50 хувийг хангадаг болох юм.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, “Одоо бидний гол ажил бол түүхий эдийн асуудал. Түүхий эдийн асуудлыг манай яам ярилцаж байна. Удахгүй “Петрочайна”-тай хэлэлцээр хийгээд ойрын үед шийдэл гаргах байх” гэв.
Эх сурвалж: АҮЭБЯ
Admin
Сэтгэгдэл үлдээх