Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөнгөн үйлдвэр, тээвэр логистик, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлсэн 12 баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Мөн энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн төрийн байгууллага болон аж ахуйн нэгж хоорондын 18 баримт бичигт гарын үсэг зуржээ.
Айлчлалын хүрээнд зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломжийг судлах хүрээнд хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон байна.
Монгол, Казахстаны хооронд агаарын тээврийн харилцааг эрчимжүүлж, хоёр улсыг холбосон нэгэн шинэ гарцыг нээхээр боллоо.
“Хүннү Эйр” компани Улаанбаатар-Алматы чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгаа бол ирэх зургаадугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо.
Ингэснээр хоёр улсын иргэд харилцан зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хөгжихийн зэрэгцээ бизнесийн таатай орчин бүрдэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Admin
Сэтгэгдэл үлдээх