Валютын ханш :

2026 оны 1 сарын 18, 0, Ням гараг

ТАВАН ТОЛГОЙ” ХК-ын гүйцэтгэх захирал Ч.Гүнждагва: Компанийн үйл ажиллагаа нээлттэй ил тод байж, хамгийн бага зардлаар өндөр ашиг олох боломжийг 2023 онд бүрдүүлсэн

“Тавантолгой” ХК нь уул уурхайн салбарт өөрийн гэсэн онцлогтой баялаг түүхийг бүтээн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж яваа ТОП-100 аж ахуйн нэгж, ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ, Монгол улсын ууган уурхайнуудын нэг, эдүгээ 58 жилийн түүхэн ойтойгоо золгон яваа компани билээ. “Тавантолгой” ХК-ийн түүхэн ой, удирдлага хамт олны бүтээлч үйл ажиллагаа ололт амжилт, үе үеийн уурхайчдын ажил үйлс, улс нийгэмдээ хөдөлмөрлөж яваа хөдөлмөр бүтээмжийг сурталчилан түгээх зорилго бүхий цуврал ярилцлагаараа “ТАВАН ТОЛГОЙ” ХК-ын гүйцэтгэх захирал Ч.Гүнждагвыг ярилцлагын хоймортоо урьлаа.

 

“ТАВАН ТОЛГОЙ” ХК-ын гүйцэтгэх захирал Ч.Гүнждагва: Компанийн үйл ажиллагаа нээлттэй ил тод байж, хамгийн бага зардлаар өндөр ашиг олох боломжийг 2023 онд бүрдүүлсэн  

 

-“Таван толгой” ХК-д ажиллаж эхэлсэн үеийн бүтээн байгуулалтаар энэ ярилцлагаа эхэлье?

-“Таван толгой” ХК-д 2023 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна. 2023 онд компанийн Борлуулалт тээврийн албаны захирлын албан тушаалыг хашиж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд уул уурхайн биржийн тухай хууль тухайн онд дагаж хэрэгжиж ирсэнтэй холбоотойгоор уул уурхайн компаниуд, тэр дундаа нүүрсний олборолт явуулдаг компаниуд биржээр нүүрсээ худалдан борлуулах талаар Засгийн газраас холбогдох журмууд гараад нөхцөл байдал өмнөх он жилүүдээс өөр болсон. Өөрөөр хэлбэл олборлогч нүүрсний компаниуд нүүрсээ зөвхөн биржээр худалдан борлуулах боломжтой болсон. “Таван толгой“ ХК-ны хувьд өмнө нь аман байдлаар гэрээ хийгдээд явж байсан бол нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хэд хэдэн томоохон өөрчлөлтүүдийг хийснээр нүүрсээ биржээр борлуулж эхэлсэн юм. Тодруулбал Монголын хөрөнгийн биржэд компани өөрөө захиалгаа өгөөд хилийн цаана буюу ганц модны дэргэд аваачих нөхцөлтэйгээр  тавигдсан. Энэ нь олон давуу талыг бий болгосон. Эдийн засгийн хувьд ч шилэн, компани үйл ажиллагаа нь нээлттэй байх талаасаа ч ач холбогдолтой. Компани өөрийнхөө олборлосон нүүрсийг тээврийн өртгийг нь оруулаад хил нөхцлөө бирждээр тавиад үүндээр бирж дээр худалдан авагч компаниуд дуудлага худалдаагаар өрсөлдөөд хамгийн өндөр үнийн санал авсан компанитай гэрээ байгуулаад үүний дагуу нүүрсээ нийлүүлдэг. Энэ үүднээс 2023 онд компани 2сая 500 мянган тонн нүүрс экспортлоод 330 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Өмнө нь аман гэрээний нөхцлөөр бол 70-75 доллар түүнээс багаар зардаг байсан бол биржээр нүүрсээ худалдаалах нь маш ач холбогдолтой юмаа. Ингэснээр энэ нь өөрөө компанийн хувьцаа эзэмшигчид 51 хувь нь Өмнөговь аймгийн нийт 70 мянган иргэдийн өмч, 49 хувь нь 20-иод улсын 3500 хувьцаа эзэмшигч өндөр ногдол ашиг авах ийм боломж бүрдсэн. Энэ ч утгаараа компани 2023 онд ашигтай ажиллаад аймагт 150 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарьласан. Энэ хэмжээгээрээ 3500 хувь иргэн хувьцаа эзэмшигчид ногдол ашгийг оноосон байна.  

Мөн 2023 онд ажлынхаа үр дүнд таван зуу орчим тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн. Энэ амжилтаараа бол Монгол улсын 10-н шилдэг татвар төлөгчийн нэгээр шалгарсан.        

  • Нэгдүгээрт нүүрсийг биржээр худалдан борлуулах энэ дүрэм журам нь бүх үйл ажиллагааг жигдэлсэн.
  • Дотоодын баяжуулах үйлдвэрт худалддаг нүүрсийг бид компани дээрээ МУ-ын иргэний хуульд заасны дагуу нээлттэй дуудлага худалдааг явуулдаг болсон. Энэ утгаараа 2023 оноос эхлэн нүүрс худалдан борлуулах үйл ажиллагаа маань нээлттэй, шударга, ил тод, талуудын тэгш оролцоог хангасан ийм ач холбогдолтой зохицуулалт бий болсон.
  • Дараагийн асуудал бол 2023 онд тээвэрлэлтийн компанийг сонгон шалгаруулах ажиллагааг төрийн худалдан авах ажиллагааны газрын ерөнхий гэрээний аргын дагуу сонгон шалгаруулдаг болсон. Энэ бол компанд ихээхэн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл төрийн худалдан авах ажиллагааны газраас арван багц тээврийн тендэрийг шалгаруулаад компанийн зүгээс бол төрийн худалдан авах ажиллагааны цахим системрүү тухайн долоон хоногтоо юмуу эсвэл 14 хоног, сардаа ч юмуу зориулах нүүрснийхээ хэмжээг өгөөд үүндээр тендэрт шалгарсан компаниуд  үнэ хаялцаад хамгийн бага үнийн санал өгсөн компани  тээвэрлэлтийг хийдэг болсон. Үүгээрээ бид тээврийн зардлыг хэмнэх боломжтой болсон. Мөн тээврийн компаниудыг сонгон шалгаруулахад хуулийн дагуу тэгш байдлыг хангаад сонгон шалгаруулдаг болсон. Энэ уул уурхайн компаниудын хамгийн гол зүйлийн борлуулалт тээвэрлэлтийн үйл ажиллагааг сонгон шалгаруулалтын журмаар гэхдээ компани өөрөө биш хөндлөнгийн эрх бүхий байгууллагын сонгон шалгаруулалтын журмаар сонгон шалгаруулдаг болсон. Компанийн бүх үйл ажиллагаа нээлттэй ил тод, мөн өндөр ашиг олох, эргээд гарж байгаа зардлыг хамгийн бага зардлаар өндөр ашиг олох ийм боломжийг 2023 онд бүрдүүлсэн.

 

  • Та гүйцэтгэх захирлын албан тушаалыг аваад удаагүй байгаа хэдий ч хийж хэрэгжүүлсэн ажлаасаа танилцуулвал?

-2024 онд компанийн гүйцэтгэх захирлаар томилогдоод өнөөг хүртэл ажиллаж байна. 2023 оныхоо амжилтыг бататгахын тулд биржээр нүүрсээ худалдан борлуулах, тээвэрлэлтийг тендерийн дагуу мөн сонгон шалгаруулах, мөн хөрсний тендер гээд томоохон тендерүүдийг төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан журам, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тендерийн үйл ажиллагааг явуулдаг болсон. Ингэснээрээ компанийн үйл ажиллагаа хамгийн гол нь олон нийтэд ил тод нээлттэй, хуулийн дагуу явагддаг болсон. Мөн манай компани Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит компани. Нүүрсний экспортыг МУ-д анх эхлүүлж байсан, анхны экспортыг хийж байсан компани. Манай компанийн хувьд ихэвчлэн Өмнөговь аймгийн иргэд ажилладаг. Мэдээж өндөр ур чадвартай инженер техникийн ажилчдыг компанидаа урьж ажиллуулах, хүний нөөцийн бодлого дээр анхаарч ажилласан. Үүний үр дүнд компани маань уурхайн техник, технологи ашиглалт, нүүрсний чанарын асуудал сайжирсан, ололт амжилт бол нэлээн гарсан. Ажилчид маань өмнө нь суурин тосгоны байдлаар аж төрж амьдарж ажилладаг байсан. Манай компанийн 40 гаруй жил байсан уурхайн тосгон Эрдэнэсийн уурхай нөлөөллийн бүсэд орсон. Энэ асуудал дээр нүүх талаар олон жил хөөцөлдөж ярьсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсоор 2024 онтой золгосон. Миний хувьд гүйцэтгэх захирал болоод ажилчдынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ нөхцөл байдлыг хангах талаар ТУЗ маань дэмжээд нүүлгэн шилжүүлэлтийг хийгээд орчин үеийн шаардлагыг хангасан кемп офисстой болоод одоо үйл ажиллагаагаа амжилттай явуулж байнаа.

-Нүүрсээ биржээр худалдан борлуулах болсоноор гарсан давуу талыг онцолбол?    

2024 онд нүүрсний зах зээл хэдийгээр хүндрэлтэй ийм нөхцөл байдалтай байгаа хэдий боловч компани нүүрсээ биржээр худалдан борлуулалдаг болсны үр дүнд өнгөрсөн оныхоо ашиг орлоготой тэнцүү хэмжээний ашиг орлогыг олсон. Мөн тэр хэмжээний татварыг улсдаа төлсөн. Энэ нь нүүрсний зах зээлийн хүнд нөхцөл байдалд бид нар тодорхой менежментийг манай төлөөлөн удирдах зөвлөлөөс зөв хийсний үр дүнд амжилттай ажилласан.

Манай компанитай ерөнхийдөө туслан гүйцэтгэгч 200 гаруй компаний 4 мянга гаруй ажилтнууд ажиллаж байна. Компани өөрөө үндсэн 300 орчим ажилчидтай. Компани улс эх орныхоо төсөв, ажлын байраар хангах асуудалд дээр томоохон үүрэг рольтой оролцож байна. “Таван толгой” ХК бол Монголын хөрөнгийн бирж дээр 1,7 их наядаар үнэлэгдэж байгаа том компани. Ноогдол ашиг нь нэг хувьцаандаа 35 мянган төгрөг оногдож байна, энэ бол том үзүүлэлт. Өөрөөр хэлбэл бид хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олдог. Гарж байгаа нүүрс болгоныхоо чанараас шалтгаалаад нүүрс болгоноосоо ашиг хүртэж үүнийхээ үр дүнд улс эх орондоо, төсөвтөө орлогыг олж ажиллаж байна.      

-Компанийн үйл ажиллагаанд олны зүгээс хардлага сэрдлэгүүд байдаг, энэ талдээр та ямар тайлбар өгөх вэ?  

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд цаашдаа компанийн үйл ажиллагаа хэвийн болсон, ямарваа нэгэн хардлага сэрдлэг, нүүрстэй холбоотой буруу зөрүү ойлголтууд нийт ард түмний дунд байх шиг байна. Энэ эргэлзээтэй асуудал бол одоо байхгүй болсон. Бүх зүйл нээлттэй.

-“Таван толгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-“Таван толгой” ХК бол Өмнөговь аймгийн өмчит компани гэдэг утгаараа, мөн энэ аймагт үйл ажиллагаа явуулж, уурхайн нөлөөллийн бүсэд байгаа сум орон нутгийн иргэдэд бол ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж ажилладаг. Өөрөөр хэлбэл нийгмийн хариуцлагаа дээд зэргээр ухамсарлаж, байгаль орчны нөхөн сэргээлт, ерөнхийлөгчийн зарласан тэрбум мод төслийн хүрээнд бид байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой ажлуудыг хийж байгаа. Ер нь Өмнөговь аймгийн иргэдийг ялангуяа хүүхдүүдийг дэмжих чиглэлээр тэдгээрт зориулсан сайн сайхан шинжтэй үйл ажиллагааг бол байнга олон жил дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн хариуцлагын хүрээнд Цогт-Цэций сумыг бүрэн камержуулсан. Өмнөговь аймгийн хүүхэд оюутнуудыг тэтгэлэгт хамруулах, жил бүр тэтгэлэг зарлаж 100 гаруй сая төгрөгийг тэтгэлэгт зориулдаг. Үүний үр дүнд оюутнууд эргээд орон нутагтаа ажиллах, мөн “Таван толгой” ХК-ны бүлэг ордууд, үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ажиллах ийм боломжийг үргэлж үзүүлсээр ирсэн. Байгаль орчны нөхөн сэргээлт, иргэдийн эрүүл мэндийн чиглэлээр томоохон ажлуудыг байнга хийж ирсэн.

Дараагийн төлөвлөж байгаа бидний зорилт гэвэл ажилчдаа орон сууцжуулах, энэ уурхайдаа өндөр мэдлэг чадвартай залуусыг ажиллуулах чиглэлээр Цогц-Цэций болон  Даланзадгад хотод “Таван толгой” ХК-ын ажилчдыг байрлуулах орон сууцны ажлуудыг эхлүүлэх, дээр нь нэмүү өртөг шингээсэн баяжуулах үйлдвэр барих чиглэлрүү анхаарч техник, эдийн засгийн үндэслэлүүдээ хийгээд явж байна. Тэгэхээр бид цаашдаа жил бүр нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Тээвэрлэлттэй холбоотой Тээвэр ложистикийн асуудал, менежментийг зөв болгох чиглэлээр тодорхой ажлуудыг хийгээд ирэх он жилүүдэд үүнийхээ үр дүнг үзээд илүү их өндөр ашигтай ажиллах байхаа гэж найдаж байна.

-Шинэ алба аваад илүү бодох, ажилчдаа дэмжих гээд илүү үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа?                                                                

-Тэгэлгүй яахав, би ер нь өмнө нь хуулийн байгууллагад ажилласаар ирсэн. Анх удаа монголын энэ том компанийн гүйцэтгэх захиралаар томилогдоод төлөөлөн удирдах зөвлөл болон, манай хувьцаа эзэмшигчид надад итгэл үзүүлсэн. Энэ том компанийн захирлаар томилогдоод ажиллахад нэгд нэр хүндийн асуудал, түүнээс гадна маш том хариуцлагын асуудал байсан. Манай компанид олон жил ажилласан дадлага туршлагатай инженерүүд их бий. Тиймээс энэ хүмүүсийнхээ дэмээр хамгийн гол нь үүнд хуулийн дагуу зөв менежментийг хийх асуудал нь өөрөө их чухал учраас үүндээр голлон анхаарч ажилласан. Үүний үр дүнд Засгийн газар болон ТУЗ-өөс гарж байгаа шийдвэрүүдийг яг хууль номын дагуу биелүүлэх нь өөрөө компанийг зөв удирдахад ихээхэн түлхэц болсон. Хоёр жил гаруй энэ компанид ажиллаад ирлээ, одоо тодорхой хэмжээнд туршлагажсан, тэгэхээр компанийхаа үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ МУ-ын нүүрсний зах зээлд яг хэрэгцээтэй шаардлагатай газар дээр нь гардаад ажиллаж байгаа хүний хувьд хэдийгээр хөрөнгийн биржээр нүүрсээ худалдан борлуулахад ихээхэн ашиг ач холбогдолтой зүйлүүд зөндөө байна. Нүүрсээ бид өндөр үнээр зарж тэр хэмжээгээрээ бид ашиг олж байна. Гэхдээ бид харилцан ашигтай байх зарчмыг ханган ажиллах ийм шаардлага байгаа. Бидний гол ганц хэрэглэгч бол Хятад улс. Хятад улсын нүүрсний бизнест оролцож байгаа худалдан авагч нартай ойлголцож байж нэгдсэн нэг ойлголттой болж байж харилцан ашигтай байдлыг хангаж явах нь өөрөө үр дүнтэй зөв юм. Зөвхөн нэг талыг бариад хөрөнгийн биржээр зараад, хатуу гэрээ байгуулаад тэр гэрээ нь давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал, гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалаад үнийн өсөлт бууралттай холбоотойгоор асуудал гарна. Үүндээр бид зөвхөн биржээр худалдан борлуулсан, биржийн гэрээ ийм байсан гээд хатуу зогсох юм бол энэ нь өөрөө эрсдэлтэй нэг талаасаа. Өнөөдөр Хятад улс нүүрс авахгүй гэхэд манай улсад бас хэцүү. Иймд зарим нэг асуудал дээр уян хатан байх, дүрэм журам дээр санаа оноогоо өгөх, тээвэр ложистикийн асуудал дээр дан ганц нэг боомтоор биш олон боомтоор нүүрсээ гаргах талдээр анхаарах, тээвэрлэлтийн асуудал дээр мөн анхаарах, энэ олон мянган жолооч нарын аюулгүй байдал, замын асуудал гээд маш олон жолооч нар бэртэж гэмтэж байна, амь насаа алдаж байна, үүнийг төр засгийн байгууллагууд, холбогдох яамдуудад хүргэж үүндээр хамтран ажиллах хууль дүрэм журамд өөрчлөлт оруулах талдээр өөрийн санал хүсэлтийг боловсруулж холбогдох газруудад хүргүүлээд ажиллаж байна.

-Компанид тулгарч буй асуудлын хувьд?       

-Ер нь “Таван толгой” ХК-ны захиралаар ажиллахад ерөнхийдөө янз бүрийн хүндрэлтэй асуудлууд, амаргүй нөхцөл байдлууд бас зөндөө байна. Янз бүрийн гүтгэлэг гээд сонин хэвлэлээр зөндөө л зүйл ярьж байна. Би нэг л зүйлийг хэлнэ. Өнөөдөр нөхцөл байдал бүх юм өөр болсон. Нүүрсийг гүйцэтгэх захирал мэдээд гэрээ хийдэг асуудал, ТУЗ мэдээд нүүрсний борлуулалт дээр гэрээ хийдэг асуудал гэж байхгүй. Үүнийг зөвхөн монголын хөрөнгийн биржээр дуудлага худалдаагаар худалдан борлуулдаг болсон. Үүнд хүн болгон тэгш байдлаар оролцдог. Тээврийн гэрээ, тээврийн компани сонгон шалгаруулах талдээр компанийн зүгээс  ямар ч оролцоо байхгүй. Төрийн худалдан авах ажиллагааны тендерийн газраас шалгаруулсан тээврийн компанитай бид гэрээгээ хийнэ. Үүнд ямар хэмжээтэй ачаа өгөх вэ, ямар хүнээр зөөлгөх вэ гэдгийг төрийн худалдан авах ажиллагааны газрын компаниуд үнийн дүнгээрээ өрсөлдөөд хамгийн бага үнийн санал хэлсэн компаниуд ажиллана. Үүнийг манай зарим худалдан авагч нар, ер нь тээврийн компаниуд, зарим нэг бизнес эрхлэгч иргэд маань ойлгохгүйгээс буруу ойлголцол бий болдог. Үүндээр хардлага сэрдлэг гээд янз янзын асуудлууд дагаж байна. Хөрс суулгалтын тендер гэж өндөр үнэтэй тендер байдаг. Үүндээр тендер шалгаруулалт болоод дууссан ч гэсэн шүүхэд гомдол гаргаад үйл ажиллагааг гацаах ийм асуудлууд зөндөө гардаг. Гэхдээ энэ бол цаг зуурын асуудал. Нэг жил хүмүүс ойлгоогүй байна, хоёр дахь жилдээ тал нь ойлгоно. Ахиад гурав дахь жилдээ энэ үйл ажиллагаа цааш үргэлжлээд явахад бүгд ойлгодог болно. Тэгэхээр бүх зүйл жигдрээд зөв замдаа ороод явна гэсэн үг.

Хуульч хүний хувьд компанийн засаглалын хувьд зөв зүйтэй хүний нөөцийн бодлого, дунд болон урт хугацааны төлөвлөлтүүдийг хийх нь ач холбогдолтой. Үүнийг бид бодлогын бичиг баримтуудаа боловсруулаад, хүний нөөцөө анхаарж байгаа, нүүрсний сонсголтой холбоотойгоор компанид өгсөн үүрэг даалгавар, чиглэлүүдийг бүгдийг зуун хувь биелүүлсэн. Архиваас эхлээд хүний нөөцийн бодлого, холбогдох дүрэм журам гээд эдгээр асуудлуудыг ерөнхийд нь цэгцэлсэн. Нэг үгээр хэлбэл өмнөхөөсөө илүү сайжирж шилэн нээлттэй болоод явж байна. 

-Компанид ажиллаж эхэлсэн үеийн бүтээмжийг өмнөх үетэй харьцуулж дүгнэвэл?

-Манай компани 2024 оны нүүрсний нөөцөө хангалттай хийгээд, тээвэрлэлтээ хангалттай явуулаад, ерөнхийдөө өмнөх оныхоо орлого ашгийг давж байгаа. Өнгөрөгч 11, 12 сарын байдлаар нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор бирждээр нүүрсний захиалга өгсөн боловч борлуулагдахгүй байна. Үүнтэй холбоотойгоор компанид орлого орж ирэхгүй байгаа учраас мэдээж зарим үйл ажиллагаагаа танаж байна. Жишээлбэл хөрсний компаниудын үйл ажиллагааг жаран хувь бууруулаад 40 хувьтай, тээвэрлэлтийг ерөнхийд нь зогсоож байна. Ганц хоёрхон багц явж байна. Тэгэхээр нүүрсний үнэ хэзээ урд хөршид тогтворжино түүний дараа бид борлуулалтаа хийнэ. Тэгэхгүй бол 2024 онд олсон ашгаа тээврийн компаниуд, хөрсний компаниудад борлуулалтгүй байж үйл ажиллагаагаа явуулаад өгөх боломжгүй. Үүнээс шалтгаалаад зогсож байна. Түүнээс “Таван толгой” ХК үйл ажиллагаа зогсоод энэ компани хүнд байдалд орчихсон асуудал огт байхгүй ээ. Бид нар улсад өнгөрсөн жил төлсөн шиг таван зуугаад сая тэрбум төгрөгний татварыг төлнө, хувьцаа эзэмшигчиддээ өнгөрсөн оных шиг ноогдол ашгийг хуваарьлана. “Таван толгой” ХК гэлтгүй олон уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон гэсэн яриа гадуур яригдаж байна. Энэ бол гүтгэлэг. Ер нь бол том бизнес их мөнгөний асуудал яригдаж байдаг ийм салбарт дандаа хэн нэгнийг гүтгэсэн, дайрсан доромжилсон ийм асуудлууд гарж байдаг. Түүнээс өнөөдөр “Таван толгой” ХК бүх үйл ажиллагаа нь нээлттэй шилэн, ил тод шударга болжээ гэдгийг дотор нь ажиллаж байгаа ажилчид, манай Өмнөговь аймгийн иргэд хөдөлмөрчид ойлгож байгаа. Үүнийг мэдэхгүй хүмүүс бол бүх юм бахь байдгаараа хуучнаараа явж байгаа гэсэн ойлголтоор хандаж байгаа ийм нөхцлүүд байна. Зарим нэг тендерүүд дээр санаатай болон санамсаргүйгээр өөрсдөө тендерт байнга шалгарч байх ёстой юмшиг жилийн жилд зөвхөн өөрсдөө шалгарж байх бодолтой хүмүүс бас тендерийг гацаах гэсэн будилуулах гэсэн харлуулах гэсэн ийм янз бүрийн явуулга явж байгааг үгүйсгэхгүй юм. Би үүнийг хүндээр хүлээж авахгүй байна. Ийм том компанид энэ зэргийн ажил хийж байхад энэ бол надад юу ч биш. Харин ч үүнээс сургамж авч туршлага сууж цаашаагаа улам сайн ажиллана.

Бид 2025 оныхоо бизнес төлөвлөгөөг төлөвлөж байгаа цаг үед нүүрсний зах зээлээс шалтгаална, мэдээж нийгмийн шинжтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж Өмнөговь аймгийнхаа иргэддээ, оюутан залуучуудад өгдөг тэтгэлэг тусламжаа хууль ном дүрмийн дагуу өгсөөр байх болно. Өвлийн хүйтэнд зах зээл хүнд ийм байгаа үед бид нар ажилчдынхаа тодорхой хэмжээг цалинтай амраах, үйл ажиллагаагаа тодорхой хэмжээнд хязгаарлах энэ бүх үйл ажиллагаа бол хуулийн дагуу л явагдана. Компанийн үйл ажиллагаа хэвийн. Манай компани 2024 оныхоо үр дүнгээс хамгийн их ноогдол ашгаа тараана, хамгийн их татвараа төлдөгөөрөө төлнө, бүх үйл ажиллагаа хэвийн явж байгаа.  

-“Таван толгой” ХК-ы өөрчлөлт шинэчлэлттэй хамт байж ахиц амжилттай яваа таны ажил үйлсэд амжилт хүсье.

-“Таван толгой” ХК-ныхаа нийт ажилчид болон энэ компанид ажиллаж байсан манай ахмад буурлууд , мөн энэ компанид түр хугацаанд ажлаад гарсан залуучууд тэдний гэр бүл , мөн Өмнөговь аймгийнхаа нийт иргэд, энэ компанийн хувьцаа эзэмшигчдэд, цаашлаад уул уурхайн салбарт ажиллаж байгаа нийт уурхайчид, монголынхоо ард түмэнд сайн сайхныг хүсье ээ.                                                                        

 

 

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа