Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-оос зохиодог дэлхийн цуврал тэмцээний нэг Казахстаны их дуулга энэ сарын 9-11-д Астана хотод боллоо.
44 орны 358 тамирчин оролцсон тэмцээнд Монголын шигшээ багийн 22 жүдоч барилдсанаас гурван хүрэл медаль авлаа.
Тодруулбал, эрэгтэй -66 кг жинд 20 настай Өнөрбатын Жанцандорж Албанийн Абдеррахман Бушита, Киргизийн Байбол Саламат Уулу, Казахстаны Бауржан Нарбаев нарыг ялж шөвгийн дөрөвт шалгарсан. Шөвгийн дөрөвт Оросын Рамазан Абдулаевт ялагдсан тэрээр хүрэл медалийн барилдаанд Болгарын Бояан Ёотовыг ялсан юм.
- Казахстаны их дуулгад Монголын 22 жүдоч оролцоно
- Душанбегаас Монголын шигшээ баг таван медаль авлаа
- Б.Ганхайч Душанбе их дуулгын аварга болжээ
Харин эрэгтэй -73 кг жинд 25 настай Лавжаргалын Анхзаяа Унгарын Арон Шабо, Италийн Леонардо Валериани, нутаг нэгт Батзаяагийн Эрдэнэбаяр нарыг ялж шөвгийн дөрөвт шалгарсан. Швейцарын Нилс Стампад ялагдсан тэрээр хүрэл медалийн төлөө Узбекистаны Асадбек Норбутаевтыг ялж медалийн тавцан зогсов.
Мөн эмэгтэй -63 кг жинд 26 настай Лхагватогоогийн Энхрийлэн Италийн Раффаелла Лелиа Чиано, Бразилын Науана Силва, Германы Фриедерик Столз нарыг ялж шөвгийн дөрөвт шалгарсан. Гэвч Францын Мелкиа Аушенкорнд ялагдаж хүрлийн төлөө Испанийн Лаура Вазкез Фернандезыг ялсан байна.
Сэтгэгдэл үлдээх