Валютын ханш :

2026 оны 5 сарын 4, 1, Даваа гараг

Энэ онд эрүүл мэндийн салбарынхны цалинг 75 хувь нэмэхээс одоогоор 30 хувь нэмэгджээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Цар тахлын үед цаг наргүй ажиллаж, олон мянган хүнийг эмчилж, амь насыг аварсан эрүүл мэндийн салбарын хамт олон, гэр бүлд нь Ерөнхийлөгч ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. 

Мөн эмч, ажилтны цалин хөлс, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь сайжруулах зэрэгт бүх талын дэмжлэг үзүүлж байгаагаа хэллээ.

Энэ онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувь нэмэх бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувь нэмэгдээд байна.

Өнгөрсөн онд зохион байгуулсан “Сувилагч тандаа баярлалаа” зөвлөгөөний үеэр бүтээн байгуулалт нь эхэлсэн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ойрын өдрүүдэд ашиглалтад орно.

Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу барьж байгаа энэ төв сувилагчдыг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх аж. 

Манай улсад жилд 7000 хүн хорт хавдраар өвчилж, 4500 хүн нас бардаг бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэх тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан.

Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй хорт хавдраар өвчилсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог.

Иймээс Ерөнхийлөгч захирамж гарган хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан.

Төр, засгаас Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг боловсронгуй болгож, цахим шилжилтийг эрчимжүүлж байна.

Энэ хүрээнд эмийн үнэ, чанарт онцгой анхаарч эм, эмнэлгийн хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэх, эмийн нэгдсэн худалдан авалт хийх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд анхаарч байгааг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.

Эх сурвалж: ЕТГ

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа