Валютын ханш :

2024 оны 10 сарын 23, 3, Лхагва гараг

140 тэрбумаар босох уушги, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах төв 2026 онд ашиглалтад орно

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхий барилгын ажлыг өчигдөр эхлүүлсэн.

Тодруулбал, хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай үйлчлүүлэгчдийг эх орондоо эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ төвийг бүтээн байгуулж буй юм.

2026 онд ашиглалтад орох тус төслийн хүрээнд эмнэлгийн барилга, шаардлагатай эмчилгээ үйлчилгээний тоног төхөөрөмжид 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан,

"УНТЭ-ийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв өнгөрсөн 13 жилийн хугацаанд элэг, бөөр, ясны чөмөг, үе шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж ирсэн. Цаашид энэ төрлийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ шаардлага нэмэгдэх хандлагатай байгаа. Элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүлээж буй 600 гаруй хүн байна. Энэ төв ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад чухал ач холбогдолтой. Мөн уушги, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийдэг болох маш том боломж бүрдэнэ. 2011 оноос зураг төсөв нь хийгдэж, яригдаж эхэлсэн уг төвийн хөрөнгө оруулалт хамтарсан Засгийн газрын үед шийдэгдэж, барилгын ажил ийнхүү эхэлж байна" гэсэн юм.

Гадаадад энэ төрлийн мэс заслын өртөг 300-450 сая төгрөг орчим байдаг бөгөөд монголчууд 2023 онд 203 сая ам.долларыг хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авахад зориулжээ. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх нь эрүүл мэндийн салбарт төдийгүй эдийн засгийн хувьд гадаад валютын нөөцөө хамгаалж, дотооддоо эргэлтэд оруулах ач холбогдолтой юм.

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийг гадаадад бэлтгэж, 2011 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийг дөрвөн ортой байгуулж байжээ.  Төвийн шинэ барилга ашиглалтад орсноор эсийн эмчилгээ болон шинэ технологи, инновацыг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлж, хөгжүүлэх боломж нэмэгдэх төдийгүй бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадад хийлгэснээс 10-50 дахин бага зардлаар эх орондоо эмчлүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн нэг жилд хоёр дахин олон хүнд үйлчлэх боломж бүрдэж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд 160-180 үйлчлүүлэгч хамруулна.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа