Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.
Тус шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 29-ны өдрийн 10.00 цагт хэлэлцэхээр товложээ.
Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр таалал төгссөн.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас:
- Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан,
- Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй.
Сэтгэгдэл үлдээх