АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй яриа хэлэлцээ ахицтай урагшилж байгаа гээд Тегеранаас "чухал буулт" хийсэн хэмээн онцлов.
Тодруулбал эрчим хүч болон Ормузын хоолойтой холбоотой үнэ цэнтэй буулт хийсэн гэсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Трамп "Энэ бол маш том бэлэг. Асар их мөнгөн дүнтэй дүйхүйц хэмжээний бэлэг. Тэд ийм зүйл хийсэн нь маш сайн хэрэг" хэмээн ярьжээ.
Ираны талаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Олон улсын далайн байгууллагад "дайсны биш" хөлгүүд Ормузын хоолойгоор нэвтрэх боломжтой гэдгийг мэдэгдсэн.
Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээлснээр Вашингтоны талаас Иранд 15 заалт бүхий энхийн төлөвлөгөө танилцуулсан гэнэ.
Трамп Ираны талын "зөв хүмүүстэй" хэлэлцээ хийж байгааг дурдаад Ираныг хэлэлцээрт хүрэхийг "маш их хүсэж байгаа" хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Гэхдээ Ираны талаас АНУ-тай шууд яриа хэлэлцээ хийсэн зүйл байхгүй хэмээн үгүйсгээд буй.
Дөрвөн долоо хоногийн өмнө АНУ, Израилын талууд Иран руу довтолсноос хойш Тегераны талаас дэлхийн нийт газрын тосны 20 орчим хувийг тээвэрлэдэг усан замуудыг хааж эхэлсэн.
Энэ нь эрчим хүчний нийлүүлэлтийг тасалдуулж, түлшний үнийг огцом өсгөж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Admin
Сэтгэгдэл үлдээх