Валютын ханш :

2025 оны 12 сарын 30, 2, Мягмар гараг

"Нийгмийн даатгалын сангийн орлого, зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулна"

Нийгмийн даатгалын сангийн удирдлага, зарцуулалттай холбоотой олон нийтийн гомдол, тэтгэврийн шударга бус байдалтай холбоотой асуудлуудыг тодруулах зорилгоор УИХ-ын 70 гишүүн Хянан шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Болормаа хэлэхдээ, "Өнөөдөр чуулганы маргааш отгон хуралдаан болно. Түүнээс өмнө намрын чуулганаар ирэх хавар хэлэлцэх нэгэн тогтоолын төслийг санаачилж байна. Энэхүү тогтоолын төсөл нь нийт УИХ-ын 70 гишүүний гарын үсэгтэй бөгөөд нийгмийн даатгалын сангийн орлого, зарцуулалт, санхүүгийн удирдлага, хяналтын тогтолцоо, үр ашиг, ил тод байдлын хэрэгжилтийг хянан шалгах түр хороог байгуулах тухай юм. Бид уг түр хороог байгуулах тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьж байна.

Олон нийтийн зүгээс нийгмийн даатгалын сантай, ялангуяа тэтгэвэр тогтоолгох явцтай холбоотой гомдол, санал маш их ирдэг. Адилхан жил ажилласан хэрнээ тэтгэвэр нь харилцан адилгүй тогтоогдож байна, нийгмийн даатгалын сангийн санхүүгийн удирдлага хэрхэн хэрэгжиж ирсэн бэ гэдэг асуудлаар олон иргэн санал гомдол гаргадаг.

Парламентын үндсэн чиг үүргийн нэг нь хянан шалгах үйл ажиллагаа. Энэ хүрээнд нийгмийн даатгалын сангийн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг гаргаж, өргөн барьж байгаа юм.

Нийгмийн даатгалын сантай холбоотой зөрчил, асуудал юу байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Одоогоор түр хороо албан ёсоор байгуулагдаагүй байгаа энэ үед урьдчилсан дүгнэлт хийх нь зохимжгүй. Гэхдээ олон нийтэд ил болсон жишээнүүд бий. Тухайлбал Чингис хаан банк, Капитрон банкны асуудал, нийгмийн даатгалын сантай холбоотой авлага, өр төлбөр зэрэг асуудлууд гарч ирж байсан.

Нийгмийн даатгалын сан бол аливаа улс орны суурь нийгмийн гэрээ. Иргэн хүн хэрхэн хөдөлмөрлөж, өндөр насандаа ямар тэтгэвэр, ямар нийгмийн баталгаатай байх вэ гэдэг нь энэ системтэй шууд холбоотой. Ийм учраас энэ бол нийтийн ашиг сонирхлыг хөндөж буй асуудал юм.

Хянан шалгах түр хороо гэдэг нь нийтийн ашиг сонирхлыг хөндөж буй асуудлаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 32-оос доошгүй нь дэмжсэн тохиолдолд байгуулагдах эрх зүйн боломжтой. Энэ утгаараа нийгмийн даатгалын сангийн асуудал яахын аргагүй нэн тэргүүний асуудал гэж бид үзсэн.

Энэ намар улс төрийн хүрээнд ахмадууд тэтгэврээ нэмэгдүүлэх асуудлыг идэвхтэй хөндөж байна. Гэхдээ энэ нь зөвхөн тоон нэмэгдэл бус, залуу насандаа хөдөлмөрлөж, тухайн үеийн нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байсан хүмүүсийн хувьд өнөөгийн тогтолцоо шударга бус байна гэсэн суурь асуудлыг хөндөж байгаа юм.

Тиймээс олон жилийн турш нийгмийн даатгалын сангийн удирдлага, санхүүгийн удирдлага хэрхэн хэрэгжиж ирснийг шалгах зорилгоор энэхүү Түр хороог санаачлан ажиллаж байна.

126 гишүүнтэй парламентын хувьд Оюу толгойн Хянан шалгах Түр хороо нь анхны Түр хороо байсан. 2025 оны долоодугаар сарын 2-нд Хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор энэ эрх зүйн орчин бүрдсэн. Одоо бид дараагийн Хянан шалгах Түр хороог нийгмийн даатгалын сангийн асуудлаар байгуулж байна.

Мэдээж уул уурхайн төслүүдтэй холбоотой асуудлууд ч чухал. Гэхдээ нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сан зэрэг нь нийгмийн суурь тогтолцооны асуудал. Эдгээр асуудлаар олон нийтэд нээлттэй, бодит мэдээлэл хүргэж, нэгдсэн ойлголтод хүрэх нь маш чухал.

Өмнө нь тэтгэврийн сан “өөрөө тэтгэвэрт гарчихдаг” гэх мэт яриа улс төрийн түвшинд ч гарч байсан. Харин одоо бид баримт, нотолгоонд тулгуурлан, олон нийтэд ил тод мэдээлэл өгөх зорилготой ажиллана.

Нийгмийн даатгалын сан гэдэг нь зөвхөн тэтгэвэр биш. Ажилгүйдлийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж зэрэг олон сан, олон даатгагч хамрагддаг өргөн хүрээтэй тогтолцоо. Энэ хүрээнд ч мөн асуудлууд бий.

Цаашдаа залуу гишүүдийн хувьд нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж, реформ хийх боломж бий юу гэдэг асуулт гарч ирнэ. Бид өнгөрснийг ярихгүйгээр ирээдүйг засна гэдэг хэцүү гэдгийг ойлгож байна. Энэ бол хэн нэгнийг буруутгах, олон нийтэд “яллах” зорилготой популизм биш, харин суурь тогтолцоогоо зөв болгох зорилготой ажил юм.

Хамгийн гол асуудал нь тэтгэвэр. Энэ дээр онцгой анхаарч ажиллана. 70 орчим гишүүн гарын үсэг зурж, энэ асуудлыг цэгцлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Парламентын хяналт шалгалтын үр дүнд цаашид нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаар нэгдсэн ойлголттой болж, хаана ямар асуудал байна, түүнийг яаж засах вэ гэдгийг тодорхой болгох нь маш чухал. Үүнийг бид Оюу толгойн түр хорооны жишээн дээр ч харсан" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа