Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны ажлын тайлантай танилцаж, ирэх жилийн наадмын зохион байгуулалт, төсөв, төлөвлөгөө болон шууд дамжуулалтын асуудлаар холбогдох албаныхантай уулзжээ.
Уулзалтын үеэр баяр наадмын нээлт, хаалт болон хурдан морины уралдааныг нэгдсэн сигналын систем ашиглан бүх телевизэд нэгэн зэрэг шууд дамжуулах боломжийг бүрдүүлэх, мөн нээлтийн найруулагчийг эрт сонгон шалгаруулж бэлтгэл ажлыг хугацаанд нь эхлүүлэхийг даалгасан байна.
2026 оны зургаадугаар сарын 20-23-нд зохион байгуулагдах “Морьтны жагсаал”-ын үеэр “Нэтфликс”-ийн баг баримтат киноны зураг авалт хийж, 56 орны төлөөлөл оролцохоо мэдэгдээд байна.
Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас долоодугаар сарын 11-нийг “Адууны өдөр” болгон тэмдэглэхийг уриалсантай холбогдуулан адууны соёл, уламжлалыг наадмын нээлт, хаалт, орон нутгийн баяр наадмуудад өргөн сурталчлах төлөвлөгөө боловсруулах чиглэл өгчээ.
Үүнээс гадна 2025 оны баяр наадмаар цолны болзол хангасан уяач, харваачдын судалгаа болон 2026 оны наадмын төсөв, төлөвлөгөөг боловсруулж, журмын өөрчлөлтийн төслийг ирэх сард танилцуулахаар болсон байна. Мөн наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг 2026 оны хоёрдугаар сарын 20-нд багтаан сонгон шалгаруулах аж.
Түүнчлэн гадаад оронд амьдарч буй монгол иргэдийн санаачилгаар зохион байгуулдаг баяр наадмуудыг бодлогын түвшинд дэмжих саналыг боловсруулахыг салбар хороодод даалгажээ.
Admin
Сэтгэгдэл үлдээх