Валютын ханш :

2025 оны 7 сарын 1, 2, Мягмар гараг

Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад Энэтхэг Улстай хамтарна

Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг энхийн зорилгоор  ашиглах чиглэлээр хамтран ажиллах БНЭУ-ын Засгийн газрын Атомын Энергийн Газар (АЭГ), Монгол Улсын Засгийн газрын Цөмийн Энергийн Комисс (ЦЭК) хоорондын хамтарсан ажлын хэсгийн 4 дэх уулзалт (06.09) боллоо.Энэтхэгийн Элчин сайдын яам Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтран ажиллах Энэтхэгийн Засгийн газрын Атомын Энергийн Газар (АЭГ) болон Монгол Улсын Засгийн газрын Цөмийн Энергийн Комисс (ЦЭК) хоорондын Хамтарсан ажлын хэсгийн 4 дэх уулзалтыг 2025 оны 6-р сарын 09-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Хамтарсан Ажлын Хэсгийн уулзалт 2009 онд гарын үсэг зурсан цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах тухай хамтын ажиллагааны санамж бичгийн 5-р зүйлийн дагуу болж өндөрлөлөө.

БНЭУ-ын Засгийн газрын Атомын Энергийн Газрын Цөмийн Хяналт, Төлөвлөлтийн Дарга ноён А.К.Наяк болон Монгол Улсын Цөмийн Энергийн Комиссийн Ажлын албаны Цөмийн Технологийн Газрын дарга ноён М. Чадраабал нараар ахлуулсан Энэтхэг, Монголын төлөөлөгчид оролцлоо. Тодруулбал, Атомын Энергийн Газрын Эрчим Хүчний Эдийн засгийн харилцаа хариуцсан Хамтарсан Нарийн Бичгийн Дарга ноён П.С.Картигеян, Энэтхэгийн Rare Earths Limited (IREL), Uranium Corporation of India Limited (UCIL), Атомын ашигт малтмалын Хайгуул, Судалгааны Газар, Бхабха Атомын Судалгааны Төв зэрэг Энэтхэгийн Цөмийн Энергийн олон байгууллагуудын удирдлага, Энэтхэг болон  Монголын талын бусад төлөөлөгч нар оролцов.  

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Атул Малхари Готсурве уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, энэ жил Энэтхэг, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн манай хоёр улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаагаараа энэхүү уулзалт онцлог болохыг дурдаад Энэтхэг, Монгол хоёр  буддын шашны өнө эртний түүхэн хэлхээ холбоотой стратегийн түншүүд, оюун санааны ахан дүүс, гуравдагч хөршүүд юм хэмээв. Тэрээр Энэтхэг улс үргэлж “энх тайвны төлөөх атом” болон Дэлхий нэг гэр бүл философийг сурталчилж ирсэн тухай дурдав. Өнөөдрийн уулзалтаар хоёр орны найрсаг ард түмний сайн сайхны төлөө мэдлэг, туршлагаа хуваалцаж байгаа нь энэхүү зарчимд нийцэж байгаа юм гэв. 

Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг энхийн зорилгоор тогтвортой, найдвартай, төлөвлөгөөтэй ашиглах талаар хоёр тал харилцан санал солилцов. Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, аж үйлдвэр, байгаль орчны салбаруудад цөмийн эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой болохыг тодорхойлж, цөмийн аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах асуудлыг мөн хэлэлцэв. 

Монгол Улсад уран, газрын ховор элемент олборлох, экспортлох чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлахаар тохиролцов. Талууд Энэтхэгт богино болон урт хугацааны сургалтын хөтөлбөрөөр дамжуулан цөмийн эрчим хүчний салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов. 

Эх сурвалж: БНЭУ-ын ЭСЯ

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа