Валютын ханш :

2024 оны 10 сарын 18, 5, Баасан гараг

ХУУЛЬ: Ахмад настан өөрөө тэтгэвэрт гарахыг хүсээгүй бол хөдөлмөрийн гэрээг албадан цуцлахыг хориглоно

Манай улсад нийт хүн амын арван хувь буюу 345 мянган ахмад настан байна. Хүн ам зүйн өөрчлөлт, ахмад настнуудын тоо өсөж байгаатай уялдуулан нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөх, урт хугацааны тусламж үйлчилгээ, хүн төвтэй нэгдсэн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлага тулгарч байна.

Уг шаардлагын дагуу “Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, өнгөрсөн зургаадугаар сарын 5-нд баталжээ. Энэхүү хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. 

Тус хуулийг дагаж есөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан:

  • Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай  
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт  оруулах тухай
  • Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай  
  • Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай  
  • Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  
  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэгт өөрчлөлт оруулжээ. 

-Ахмад настан гэж хэнийг хэлэх вэ?

Ахмад настны хуульд тусгаснаар 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна. Энэ наснаас эхлэн өндөр настны тэтгэвэр тогтоолгож эхэлдэг. Гэхдээ зөвхөн эдгээр иргэд бус энэ насанд хүрээгүй ч цэргийн алба хаагчид тэтгэвэр тогтоолгодог.  

Манай улсын дундаж наслалт нэмэгдэх хэрээр ажиллах хүчин насжиж байна. Судалгаагаар 2040 он гэхэд дөрвөн ажилтан тутам нэг ахмад настан, 2080 он гэхэд нэг ажилтан тутамд нэг өндөр настан ногдох тооцоо гарчээ.

Ахмад настнуудад зориулсан үйлчилгээний байгууламжууд, өрхөд тулгуурласан тусламж үйлчилгээний шинэ хэлбэрүүдийн эрэлт нэмэгдэнэ. Үүнтэй уялдуулан ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгаас онцлох заалтуудыг танилцуулж байна.

ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ 8.5 ХУВИЙГ ТӨЛӨХГҮЙ БАЙЖ БОЛНО

Уг хуулийн 9.9-д ахмад настан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллах бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6-д заасны дагуу тэтгэврийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно.

Өөрөөр хэлбэл, ахмад настан өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй гэвэл тухайн ахмад настныг ажиллуулж буй байгууллага тэтгэврийн даатгалын шимтгэл 8.5 хувийг төлөхгүй байж болно.

АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗАРЦУУЛБАЛ ХОРИХ ЯЛ ОНООНО

2020-2022 оны байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдсэн хүчирхийллийг хэлбэрээр нь ангилахад эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлжээ. Эдийн засгийн хүчирхийлэл гэдэг нь тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах юм. Эдгээрт эрүүгийн ял онооно.

Эрүүгийн тухай хуульд:

  • “1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

Зөрчлийн тухай хуульд:

  • “4.5.Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжээ ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.”

АХМАД НАСТНААС ТЭТГЭВЭРТ ГАРАХЫГ ШААРДАХЫГ ХОРИГЛОНО

9.10. Аж ахуйн нэгж, байгууллага Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1-д заасан насанд хүрсэн ахмад настныг 65 насанд хүрээгүй бөгөөд өөрөө хүсэлт гаргаагүй байхад тэтгэвэрт гарахыг шаардах, энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлахыг хориглоно.

Манай улсад төрөлжсөн асрамжийн үйлчилгээний газрын эрэлт хэрэгцээ байгаа ч асрамжийн газар цөөн, хүрэлцээ муутай. Улсын хэмжээнд 300 хүрэхгүй ахмад настан төрөлжсөн асрамжийн газарт асруулдаг бөгөөд хувийн дөрвөн асрамжийн газар байдаг ч төрөөс үзүүлдэг дэмжлэг маш бага.

Үүнээс үүдэн  үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй, ахмад настанд үзүүлэх цогц тусламж үйлчилгээний заалтуудыг уг хуульд тусгажээ.

Ахмадын асаргааны хувилбарт үйлчилгээтэй болно.

  • Өдрөөр асрах;
  • Богино болон түр хугацаанд байрлуулан асрах;  
  • Урт хугацаанд байрлуулан асрах;      
  • Байнга асрах төрөлжсөн асрамжийн;
  • Байрлуулан асрах
  • Өдрөөр эмчлэх, асран сувилах үйлчилгээ

Ахмад настанд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ, ахмад настны эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ, байнгын асаргаатай ахмад настныг асарч байгаа иргэдийг сургах сургалт, АХБ туршилтын төсөл хэрэгжиж байна.

ХҮНДЭТ ДОНОР АХМАДАД ЖИЛД НЭГ УДАА ТҮЛШ АВАХАД ЗОРИУЛАН МӨНГӨН ТУСЛАМЖ ОЛГОНО

8.1.1.хөл, гар, шүдний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгсэл худалдан авсан зардлын үнийн хөнгөлөлтийг гурван жилд нэг удаа нийгмийн халамжийн сангаас олгох.”
8.1.3.Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.1.1-д заасан өрхийн ахмад настан, хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;  
10.1.2.эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настанд эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг, хүндэт донор ахмад настанд 100 хувийг жилд нэг удаа нөхөн олгоно гэж тусгажээ.

Харьяалал харгалзахгүй ахмадууд аймаг, нийслэлийн нийтийн тээврээр үнэгүй зорчино.

Ахмад настан нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй /нийслэлд зориулалтын картаар/ зорчино. Нийтийн тээврийн байгууллага ахмад настныг нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ.

“8.1.6.энэ хуулийн 8.1.5-д заасан ахмад настны нийтийн тээврээр зорчсон төлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлсэн аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх аж.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа