Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд 2007 айлын орон сууцны хороолол баригдаж байна. Нийслэлийн төвөөс 15 км зайд баригдаж буй төслийн барилга угсралтын ажлын явц одоогийн байдлаар 25 хувьтай байгаа юм.
2020 онд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд төсөл эхэлсэн. БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны нэн хөнгөлөлттэй зээлээр 2007 айлын иж бүрэн орон сууцны цогцолбор, гадна талбайд 903 автомашины зогсоол бүхий хороолол барихаар тохирсон аж.
Төслийн хүрээнд өнгөрсөн 2024 оны нэгдүгээр сард нээлттэй тендер зарлаж, ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сонг” ХХК шалгарч,барилгын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлжээ.
Гэвч төслийн санхүүжилттэй холбоотой тодорхой маргаан үүсч, тус аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс нийслэлийн Захиргаанд удаа дараа гомдол ирүүлсэн байна.
Тэдний зүгээс нэн түрүүнд санхүүжилтийн хохирлыг барагдуулахыг хүсжээ.Гүйцэтгэгч ажлаа зогсоосон тул эзэнгүй болж орхигдсон блокуудын өвөлжилтийн бэлэн байдлыг хангах шаардлагатайг илэрхийлж байлаа.
Учир нь эцсийн дүндээ уг барилгад 5000 гаруй өрх амьдрах бөгөөд цаашлаад манай улсад үлдэх хөрөнгө учраас нэн яаралтай дээрх асуудлуудыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон юм.
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэлэхдээ, төслийг аль болох нэмэлт зардал гаргахгүй, хохирол багатайгаар хэрэгжүүлэх нь чухал байна. Иймээс хоорондын маргааныг эцэслэтэл нь хүлээлгүйгээр нийслэлийн зүгээс туслан гүйцэтгэгч монгол зургаан аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулна гэв.
Барилгын арматур нь цас, чийг авснаар зэвэрч, чанар муудах эрсдэлтэй. Зэвэрсэн арматур дээр бетон цутгах нь бүтцийн бат бөх байдалд сөргөөр нөлөөлдөг тул өвлийн улиралд арматурыг ил задгай үлдээхдээ чийг нэвтрэхгүй байдлаар хамгаалалт хийх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна
Admin
Сэтгэгдэл үлдээх