Валютын ханш :

2025 оны 11 сарын 6, 4, Пүрэв гараг

"Ухаа худагийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хуулийг шинэчлэхээс өмнө олгосон, асуудалгүй"

Улсын Их Хурлын Эдийн засгийн  байнгын хорооны өнөөдрийн (2025.11.05) хуралдаан 16 цаг 33 минутад, гишүүдийн 53.1 хувийн ирцтэй эхэлжээ. 

Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс 2025.10.06-нд өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “… Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан, төрийн нийтийн өмч мөн” хэмээн тодорхой заасан. 

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор зохицуулсан. 

Гагцхүү Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн байгалийн баялаг, стратегийн ордуудыг захиран зарцуулах онцгой эрхтэй хэмээн хуульчилсан.

Таван толгой чулуун нүүрсний ордын хайгуулыг БНМАУ 1940 оноос эхлэн хийж 1990 он хүртэл 50 жилийн хугацаанд улсын төсвөөс санхүүжүүлсээр ирсэн. Тус ордын бүрэлдэхүүн болох Ухаа худгийн хэсгийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэлгүй шийдвэрлэсэн эсэх талаар дүгнэлт гаргаж, баримт бичгүүдийг нотлон шинжилж, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавьбал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.” гэж заасан. 

Үүнийг үндэслэн Улсын Их Хурлын нэр бүхий 33 гишүүн санаачлан тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.

Хянан шалгах түр хорооноос Таван толгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийснээр стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн бүлэг ордтой холбогдуулж олон нийтийн мэдэх эрх хангагдаж, иргэд Таван толгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт, эдийн засгийн өгөөж, нөөцтэй холбогдуулж бодит мэдээлэлтэй болно хэмээн үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Ч.Лодойсамбуу асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. 

Таван толгойн бүлэг ордын Энержи Ресурс компанийн эзэмшиж байгаа "Ухаа худаг"-ийн хэсгийн тусгай зөвшөөрөл нь 2006 онд Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэхээс өмнө олгогдсон буюу асуудал байхгүй гэдэг аудитын дүгнэлт 2012 онд гарсан байгааг Б.Уянга гишүүн хэлэв. 

Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээ өмнө нь хянан шалгагдсан асуудлыг дахин шалгахаар давхардсан гэж үзэж байгаа тул төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. "Ухаа худаг"-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжиж буйгаа Ч.Лодойсамбуу гишүүн илэрхийлэв. 

Гишүүд асуулт асууж, тодруулсны дараа Байнгын хорооны дарга Р.Сэддорж нам, эвслийн бүлгүүдээс хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллуулахаар ирүүлсэн нэрсийг, эдгээр гишүүн нь тухайн асуудлын хүрээнд ашиг сонирхлын зөрчилгүй болохыг танилцууллаа.

Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, бусад тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалтын үйл ажиллагаатай холбогдуулж хууль тогтоомжийг биелүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Таван толгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр төсөлд тусгажээ. 

Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг мөн тусгасан. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргахаар төсөлд тусгажээ. 

Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгахаар төсөлд тусгасныг Р.Сэддорж дарга танилцуулав. 

Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийхээр тусгай шалгалтын хүрээ хязгаарыг тогтоох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, М.Ганхүлэг, Л.Оюун-Эрдэнэ, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар ажиллана.

Цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Ж.Баясгалан,Р.Батболд, Л.Мөнхбаясгалан, А.Ундраа, Л.Энхнасан, Р.Эрдэнэбүрэн нар ажиллах аж.

Тусгай шалгалтыг иж бүрэн хэрэгжүүлж, тайлан, санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахыг хянан шалгах түр хороонд даалгахаар төсөлд тусгасныг Р.Сэддорж дарга Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Дараа нь Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг үндэслэн хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ, хязгаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж, холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувийн саналаар дэмжсэн тул Байнгын хорооны хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа