Азийн Хөгжлийн Банк (АХБ) “Нарны эрчим хүчийг тогтвортой ашиглах” санаачилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр боллоо.
Тус санаачилгын хүрээнд 115 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц барьж, 65 мегаватт/ 237 мегаватт цагийн хүчин чадалтай цэнэг хураагуурын систем суурилуулан Монгол Улсын Баруун болон Зүүн бүсийн эрчим хүчний системд холбох юм.
Энэхүү төсөл нь Монгол Улсад хийгдэх томоохон сэргээгдэх эрчим хүчний худалдан авалтуудын нэг бөгөөд анхны нарны болон цэнэг хураагуурын дуудлага худалдаа болох юм. Төсөл нь цахилгаан дамжуулах сүлжээний найдвартай байдлыг нэмэгдүүлэх, нүүрсний хэрэглээг бууруулж, импортоор авах цахилгааны хамаарлыг багасгах, алслагдсан бүс нутагт цэвэр, боломжийн үнэтэй эрчим хүч хүргэх зорилготой.
“АХБ нь Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийг шинэлэг сэргээгдэх эрчим хүчний болон цэнэг хураагуурын шийдлүүдээр дэмжиж байгаадаа баяртай байна” гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлээд “Энэхүү төсөл нь эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, цаашид нарны эрчим хүч болон цэнэг хураагуурын чиглэлээр хийх томоохон хөрөнгө оруулалтуудын суурийг тавих болно.” хэмээн тодруулав.
Төслийн хүрээнд цэнэг хураагуурын системийг ашиглан оргил ачааллын үед нөөцөлсөн эрчим хүчийг хэрэглэх, давтамжийг зохицуулах, сүлжээний тэнцвэрийг хангах зэргээр дээрх хоёр алслагдмал цахилгаан дамжуулах сүлжээний тогтвортой байдлыг сайжруулна. Энэ нь илүү их нарны эрчим хүчийг сүлжээнд нэгтгэх боломжийг бүрдүүлэх юм. Тендер нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүч болон уур амьсгалын зорилтуудыг дэмжих зорилгоор ил тод, өрсөлдөөнт журмаар зохион байгуулагдана.
Энэхүү санаачилга нь АХБ болон Монгол Улсын Эрчим хүчний яамны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого (2015–2030), Шинэ сэргэлтийн бодлого, болон Засгийн газрын нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангах урт хугацааны стратегиудыг дэмжиж байгаа юм.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн түвэгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог.
Эх сурвалж: АХБ
Admin
Сэтгэгдэл үлдээх