Валютын ханш :

2024 оны 9 сарын 17, 2, Мягмар гараг

Казино тоглодог улс төрчид УИХ-ын гишүүнээр сонгогдох ёс зүй бий юу

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат болон Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар "Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентын чуулган"-д оролцох үеэрээ “The Star Sydney” казинод орсон тухай мэдээлэл энэ оны хавар дуулиан болсон юм.  

Дээрх гишүүд анх энэ асуудлаар  “Монгол Улсад Казиногийн тухай хуулийн төсөл боловсруулж буйтай холбоотойгоор казинод орж танилцсан, туршлага судалсан, гэхдээ казино тоглоогүй” гэх тайлбарыг өгсөн. Гэвч хэд хоногийн дараа тэдний казино тоглож буй зураг олон нийтийн сүлжээгээр цацагдсанаар гишүүд үнэнээ хэлэхэд хүрсэн юм. 

Казино тоглосон эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан  “Би казинод орсон гэдгээ хэлсэн шүү дээ. Монгол Улсад казино байгуулах асуудал яригдаж, Казиногийн тухай хуулийн төсөл боловсруулах ажил явж байгаа. Казино байгуулах шаардлага байгаа эсэхийг судалж, ер нь юу байдаг юм бол гэж сонирхож орсон. “Мянга сонсохоор нэг үз“ гэдэг. Хүмүүс казинод орж л байдаг биз дээ” хэмээн тайлбарлаж байв. Дээрх гишүүд нэгэнт казино тоглосон нь нотлогдсон. Өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн. 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнгөрсөн онд казино тоглож буй бичлэг цацагдсан. Тэрээр казино тоглодог гэдгээ нуудаггүй нэгэн. Ж.Мөнхбат Хадгаламж банкны мөнгөөр казино тоглосон хэрэгт холбогдон шалгагдаж байв. 

Улс төрчид казино тоглох нь хэр зохистой вэ гэдэг асуудлыг хөндөх ёстой. Казино бол бэлтэй эрчүүдийн тоглодог тоглоом. Хэр баргийн аавын хүү “нүүх” тоглоом биш. Тэд казиног төсвийн мөнгөөр тоглов уу, хувийнхаа халааснаас гаргадаг уу. Хувийн мөнгөөр тоглосон ч УИХ-ын гишүүн, төрийн албан тушаалтан, тэр байтугай улс төрч хүний хувьд казино тоглож байна гэдэг байж болохгүй зүйл. Ёс зүйд нийцэхгүй. 

Тийм учраас казино тоглосон улс төрч УИХ-ын гишүүнээр сонгогдох, бүр нэр дэвших эрхгүй. Казино тоглодог улс төрчөө УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж буй нь нам нэр дэвшигчдээ тавьж буй шалгуур тааруу байгаагийн шинж юм. 

Казиночин Д.Тогтохсүрэн УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт, Ж.Мөнхбат 1 дүгээр тойрогт, Д.Лүндээжанцан 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байна. Казино тоглодог улс төрчдийг дэмжихгүй байя. 


Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа