Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, сайд асан Н.Тавинбэхийг АТГ-аас эрчим хүчний хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар хувьдаа завшиж, хөрөнгөжсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байсан юм.
Улмаар Н.Тавинбэх болон түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарыг цагдан хорих шийдвэр гарсан.
Нийслэлийн прокурорын газраас Н.Тавинбэхэд холбогдох “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэх зүйл ангиар үүсгэсэн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах саналыг шүүхэд хүргүүлжээ. Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд хүлээн авсан байна.
Харин уг захирамжийг яллагдагчийн өмгөөлөгч Х.Б эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр хэлэлцжээ. Шүүх хэрэгт цугларсан баримт болон яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна.
Ингэснээр Н.Тавинбэхийг батлан даалтаар гаргаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Admin
Сэтгэгдэл үлдээх