Валютын ханш :

2026 оны 1 сарын 25, 0, Ням гараг

Хөвсгөл аймагт үерийн далан барих зардлыг ирэх оны төсөвт суулгана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.01.05) Хөвсгөл аймагт ажиллаж Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр болон Засгийн газрын 300 хоногийн ажлын төлөвлөгөө, Монгол Улсыг  2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцуулжээ.

Уулзалтад  төрийн 63 байгууллагын 210 албан хаагч оролцож, санал хүсэлтээ уламжилсан байна.

Тухайлбал Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр  үерийн хамгаалалтын далан барих ажлын санхүүжилтийг шийдвэрлэж өгөх хүсэлт тавив. 2010-2024 оны хооронд тус суманд нийт 8 удаагийн томоохон үер бууж, 400-900 сая төгрөгийн хохирол амссан байна.

Гэвч 15.4 км урттай үерийн хамгаалалтын далан барихад шаардагдах санхүүжилт шийдэгдэлгүй өнөөдрийг хүрчээ. Ерөнхий сайд Г.Занданшатар 2027 оны төсөвт  зардлыг нь тусгуулах, орон нутаг болон салбарын яам хамтарч ажиллахыг газар дээр нь үүрэг болгов. 

Мөн Хөвсгөл нуурыг түшиглэж Найрамдал-2 зуслангийн бүтээн байгуулалтын ажил газрын маргааны улмаас удааширч гацсан. Тэгвэл зуслангийн бүтээн байгуулалтыг  ирэх онд эхлүүлэхээр болсныг Ерөнхий сайд танилцуулав. 

Хөвсгөл аймаг 137 мянган хүн амтай. Аялал жуулчлалын алтан гурвалжин гэж нэрлэдэг гурван аймгийн нэг. Тиймээс Засгийн газраас аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын үеэр онцоллоо.

Өнгөрсөн онд аялал жуулчлалын идэвхтэй улиралд буюу 6-10 дугаар сард гадаад, дотоодын нийт 157562 жуулчин Хөвсгөл аймгийг зорин иржээ. 
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа