Чингэлтэй дүүргийн Эрт илрүүлэг оношилгооны төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус төв нь хоёр давхар барилга бөгөөд нийт 1431.6 ам метр талбайтай.
Барилгын дотоод зохион байгуулалтыг Хонгконг, Сингапурын эмнэлгийн жишээн дээр тулгуурлан хийсэн. Нэг, хоёрдугаар давхартаа үндсэн эрт илрүүлгийн шинжилгээнүүдээ хийнэ. 2025 оны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй. Иргэдэд ерөнхий шинжилгээ, хавдар, бамбай, дотор, хүүхдийн гэх мэт 20 багц шинжилгээг хийхээр төлөвлөсөн байна.
“Энэхүү төвийг дүүргийн 14 хороо буюу 5 буудалд барьж, ашиглалтад оруулж байгаа нь онцлог бөгөөд “20 минутын хот” концепцтэй уялдуулж байгаа хэлбэр. Чингэлтэй дүүргийн 14, 18 хороонд дахин төлөвлөлт эрчимтэй хийгдэж буй. Өнөөдрийн байдлаар 18 хороонд газар чөлөөлөлт 80 хувьтай байна. Ирэх онд 14 хороонд газар чөлөөлөлт энэ хэмжээнд үргэлжилнэ” гэж УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл онцлов.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр “Чингэлтэй дүүрэг эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилладаг. 2025 онд бид дүүргийнхээ эмнэлгийн өргөтгөл барьсан. Дулааны шугамын асуудлыг шийдэж, удахгүй ашиглалтад оруулна. Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэгтээ тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн загварыг авч ашиглаж байна. Нийгмийн эрүүл мэндийн тулгуур ойлголтын нэг эрт илрүүлэг оношилгооны дагнасан төвтэй болж байгаа нь энэ салбарын бас нэгэн ахиц юм” гэлээ.
Admin
Сэтгэгдэл үлдээх