Нийслэл хотын төвлөрлийг сааруулах, орон нутагт ажиллах хүчин нэмэх зорилгоор 2027 онд “Төрийн албан хаагчдын орон сууц”-ны шинэ төслийг 32 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ. Завханы Тэс, Хөвсгөлийн Цагаан-Уул гэх мэтчилэн тэргүүлэх чиглэлийн 15 суманд 150 айлын орон сууцыг барихаар болжээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр (2026.08.04) боллоо. Хэлэлцүүлгийн үеэр тус яамны хэлтсийн дарга Э.Батболд “Орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах нэн чухал. Тиймээс 2024 онд орон нутгуудад 8 болон 15 айлын орон сууц барих төсөл эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар уг төсөл 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Хоёрдугаар ээлжийн төслийг энэ онд эхлүүлж 44 байршилд 471 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн. Төслийн ажил 30 хувьтай үргэлжилж байна.
Энэ онд 6 сумын 55 айлын орон сууцны төслийг 100 хувь гүйцэтгэж дуусгасан.
2027 онд гаднын хөнгөлөлттэй зээл, тусламжаар хэрэгжүүлж буй "Солонго 1,2" орон сууцыг дуусгана. Ирэх онд шинэ төсөл боловсруулахаас илүү хуучин төслүүдээ эцэслэн дуусгах зорилготой. Нэг төсөл эхлүүлээд 2-3 жил дамнахаар бараа материалын үнэ өсөж, анх төлөвлөсөн төсвийн өртөгт өөрчлөлт орох эрсдэл бий. Тиймээс ирэх онд төслүүдээ цаг хугацаанд нь дуусгах бодлого баримталж байна” хэмээн ярилаа.
Энэ жил БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан 1008 айлын “Ногоон нуур” төслийг хэрэгжүүлж дуусгасан.
Admin
Сэтгэгдэл үлдээх