Валютын ханш :

2025 оны 3 сарын 12, 3, Лхагва гараг

Нийслэлд автомашины дугаар олголтыг зогсоосон ч хилээр оруулах машины тоо өсжээ

ҮСХ-ноос гаргасан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны нэгдүгээр сарын үзүүлэлтүүдийн танилцуулгаас харахад 2025 оны нэгдүгээр сард хилээр оруулах авто машины тоо өссөн байна.

НИТХ-аас нийслэлд автомашины улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоож, 2024 оны 11-р сарын 8-ны өдрөөс эхлэн автомашины дугаар шинээр олгохыг зогсоох шийдвэр хэрэгжиж эхлэв.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд хийж буй ажлуудын нэг нь энэ юм. Нийслэлд улсын дугаар олголтыг зогсоосон уг шийдвэртэй холбоотойгоор хилээр оруулж ирэх машины тоо буурсан эсэхийг харьцуулж харлаа. ҮСХ-ноос мэдээлснээр:  

  • 2024 оны 12-р сард-  9390 ширхэг суудлын болон ачааны машин /1999ш ачааны/
  • 2025 оны 1-р сард – 18582 ширхэг суудлын болон ачааны машин /2632ш ачааны/ хилээр оруулжээ.

Энэ шийдвэр гарахаас өмнө буюу 2023 оноос өмнө жилд дунджаар 50-60 мянган тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаар олгодог байсан бол 2024 оны эхний есөн сард 89 мянган тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаар шинээр авсан байна.

ҮСХ-ны мэдээлснээр, Монгол Улс 2025 оны нэгдүгээр сард 108 улстай гадаад худалдаа хийж, бараа эргэлтийн дүн 2 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс экспорт 1, импорт 973.2 сая ам.доллар байна. Гадаад худалдааны тэнцэл 46 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 285.8 ам.доллараар буурчээ.

Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 247.2 сая ам.доллараар буурч, импорт 38.6 сая ам.доллараар өссөн. Нүүрсний 340.2 сая ам.доллараар, мал амьтны гаралтай үс ноос 10.2 сая ам.доллараар, төмрийн хүдрийн баяжмал 6 сая ам.доллараар, хонь ямааны мах 5.9 сая ам.доллараар буурсан нь экспорт буурахад голлон нөлөөлсөн байна. Харин алтны экспорт 50.2 сая ам.доллараар өсжээ.

Импорт 2025 онд 1-р сард 973.2 сая ам.доллар болсон нь өмнөх оноос 38.6 сая ам.доллараар буурлаа. Импорт буурсан ч дизель түлш 19.6 сая, суудлын автомашин 19.5 сая ам доллараар, тээврийн хэрэгслийн сэлбэг эд анги 18 сая  ам.доллараар, ачааны машины экспортын дүн 11.8 сая ам.доллараар тус тус өссөн байна. 

ОН ГАРСААР НИЙСЛЭЛЭЭС НЭГ Ч МАШИНД УЛСЫН ДУГААР ОЛГООГҮЙ 

Автомашины улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ хариуцдаг байсан бол 2024 оны 11-р сарын 8-наас эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвд хариуцуулсан. 2025 оны 1-р сарын 15-наас нийслэлийн дугаар авах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд тодорхой шалгуур хангасан иргэдэд олгохоор журамласан.
Он гарсаар хэчнээн хүнд автомашины дугаар олгосон талаар албаны эх сурвалжаас тодруулахад, Одоогоор 2000 гаруй иргэн цахимд бүртгүүлээд, дугаар олгохыг хүлээж байна. Өнөөдрийн /2025.02.24/ байдлаар иргэдэд нэг ч дугаар олгоогүй байна.

Автомашины үзлэг оношилгоо явагдаж буй энэ үед таван  жилээс дээш хугацаанд татвар төлөөгүй болон замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон автомашинуудыг улсын бүртгэлээс хасаж, хассан дугааруудыг иргэдэд олгох юм гэв.  

Сэтгэгдэл үлдээх

Байнга шинэхэн мэдээлэл авах

Манай сайтад и-мейл хаягаа бүртгүүлснээр та цаг алдалгүй шинэхэн мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой. Бид танд спам болон сурталчилгаа явуулахгүй болохыг нууцлалын бодлого хэсэгт тусгасан байгаа